Хөрөнгө оруулалт 102: Уламжлалт хөрөнгө оруулалт болон хувийн хөрөнгийн удирдлага

ORDA
5 min readMay 3, 2021

Оршил

Эрхэм уншигчдаа,

Өмнөх нийтлэлээр би та бүхнийг хөрөнгө оруулалтын ертөнцтэй товч танилцуулж төрөлжүүлэлт болон өнөөгийн хөрөнгө оруулалтын орчны талаар сонордуулсан билээ. Өнөөдрийн нийтлэлээр би хөрөнгө оруулалтын төрлүүдийг хураангуй танилцуулж та өөрийн хөрөнгийг хэрхэн оновчтой удирдах боломжтой талаар энгийн жишээгээр тайлбарлахаар хичээлээ.

Хөрөнгө оруулалтын ертөнц нь анх сонсоход сурч мэдэхэд бэрхшээлтэй санагдаж магадгүй ч огтхон тийм биш юм. Санхүүгийн алтан дүрэм бол “эрсдэл нь өндөр байх тусмаа өгөөж нь өндөр” юм. Үүний эсрэг утга нь ч гэсэн үнэн. Иймд, та бүхнийг хамгийн бага эрсдэлтэй (мөн өгөөжтэй) хөрөнгө оруулалтын төрлөөс эхлэн хамгийн өндөр эрсдэлтэй (мөн өгөөжтэй) “эрсдэлийн шат”-аар надтай хамт аялахыг урьж байна.

Бэлэн мөнгө

“Бэлэн мөнгө бол хаан юм” гэж та сонсож байсан л байх. Тэр нь өөрийн гэсэн шалтгаантай юм. Учир нь бэлэн мөнгө болон түүнтэй ижил төстэй санхүүгийн хэрэгслүүд нь үнэ цэнээ алдах хамгийн бага эрсдэлтэй байдаг бөгөөд тэдгээрийг хадгалуулснаар яг хэдэн хувийн хүү буюу өгөөж авах нь тодорхой байдаг. Гэвч энэхүү бага эрсдэл нь “алтан дүрэм”-ийн дагуу бага өгөөжийг дагуулдаг ба ихэвчлэн үнийн өсөлт буюу инфляц болон гадаад валютын ханшийн үнэ цэнийн өсөлтийн нөлөөллийг даван дийлдэггүй. 2021 оны 3 дугаар сарын байдлаар 1 жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.2% байсан бол гадаад валютын хадгаламжийн хүү 3.4% байсан байна. Түүнчлэн төгрөгийн хадгаламж нь 20 сая төгрөг хүртэл даатгалтай бол гадаад валютын хадгаламж нь огт даатгалгүй юм.

Жишээлбэл, та өөрийн хөрөнгөө төгрөгийн хадгаламжид 12%-ийн хүүтэй хадгалуулжээ гэж бодъё. Мөн хугацаанд Монгол Улсын инфляц 8% байсан ба ам.долларын ханш ₮2,500-аас ₮2,750 болж өсжээ. Энэ тохиолдолд таны ам.доллараар хэмжигдэх худалдан авах чадвар 12% (төгрөгийн хадгаламж) — 8% (инфляц) — 10% [(2750–2500)/2500] = — 6% буюу 6%-иар буурчээ. Импортоос хараат нийгэмд амьдарч буй бидэнд өөрсдийн худалдан авах чадварыг ямар ч валютаар хадгалах нь нэн чухал юм.

Бонд буюу өрийн бичиг

Бонд нь өрийн санхүүжилтийн нэг хэлбэр бөгөөд хөрөнгө оруулагч нь зээлдэгчид зээл олгож буй хэрэгсэл юм. Хадгаламжтай ижил бондын хүү болон хугацаа нь анх хөрөнгө оруулалт хийхэд тодорхой байдаг. Хадгаламжаас ялгаатай нь бонд эзэмшигч нь өөрийн эзэмшлийн өрийн бичгийн хугацаанаас нь өмнө зах зээлийн ханшаар бусдад арилжаалж бэлэн мөнгө болгох боломжтой юм. Олон нийтийн болон хувийн салбар нь үйл ажиллагаа, өргөтгөл болон өөрсдийн бусад өрийг санхүүжүүлэх зорилгоор өрийн бичгийг түгээмэл ашигладаг.

Хамтын болон биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сангууд

Хэдийгээр олон төрлийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг боловч та хамтын сан болон биржид бүртгэлтэй сангуудыг нээлттэй хувьцаат компани мэт төсөөлж болох юм. Гол ялгаа нь эдгээр хөрөнгө оруулалтын сангууд ямар нэгэн ажилчингүй ба зөвхөн хуулийн баримт бичигт тулгуурлан оршин тогтнодог юм. Хөрөнгө оруулалтын сангууд нь өөрсдийн хөрөнгө оруулалтын бодлогод тусгасан үйл ажиллагааг явуулах зорилготой тусгай зориулалтын компаниуд (ТЗК) бөгөөд тэдгээрийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежерүүд удирддаг. Өрийн бичгийн хөрөнгө оруулагчидтай ижил хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигч нь өөрийн нэгж эрхийг хөрөнгө оруулалтын санд нь буцааж худалдах эсхүл хөрөнгийн биржээр дамжуулан бусдад худалдах эрхтэй юм.

Хувьцаа

Хувьцааны хөрөнгө оруулагчид нь компанийн эзэнтэй ижил эрх ба үүргийг пропорцын дагуу олгодог юм. Компанийн эзэнтэй ижил хувьцааны хөрөнгө оруулагч нь компанийн үнэ цэнийн болон ашгийн өсөлтөөс өгөөж хүртдэг. Мөн компанийн эзэнтэй ижил уг хөрөнгө оруулагч нь компанийн үнэ цэнийн бууралт болон алдагдлаас хохирдог. Тухайн компани нь ногдол ашиг тарааж болох сонголттой боловч хөрөнгө оруулагч нь ямар ч баталгаат өгөөж хүртэхгүй ба хэрэв тус компани нь дампуурсан тохиолдолд бүх хөрөнгө оруулалтаа алдах боломжтой юм. Нөгөө талаар хэрэв уг компани нь маш амжилттай ажилласан тохиолдолд хөрөнгө оруулагчийн анх хийсэн хөрөнгө оруулалтын үнийн дүн хэд дахин өсөх боломжтой.

Альтернатив буюу уламжлалт бус хөрөнгө оруулалт

Нэрэнд агуулагдсаны дагуу дээрх хөрөнгө оруулалтын төрөлд багтаагүй бусад бүх хөрөнгө оруулалтын хэрэгслүүд нь альтернатив хөрөнгө оруулалтад хамрагдана. Түгээмэл альтернатив хөрөнгө оруулалтад үл хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан, хаалттай хувьцааны хөрөнгө оруулалт (private equity) болон венчур капитал (таны хөрөнгийг тодорхой хугацаанд, ихэвчлэн 10 жил, түгжиж хөрөнгө оруулалт хийдэг сан), хэдж сан (зах зээлээс илүү өндөр өгөөж олохыг зорьдог идэвхтэй удирдлагатай хөрөнгө оруулалтын сан), таваарын бүтээгдэхүүнүүд (жишээлбэл, алт, мөнгө, зэс, төмрийн хүдэр, эрдэнэ шиш, кофе гэх мэт) болон үүсмэл хэлцлүүд (бусад хөрөнгөд тулгуурласан санхүүгийн хэрэгсэл) зэрэг багтана. Эдгээр төрлийн хөрөнгө оруулалт нь хөрвөх чадвар багатай буюу бэлэн мөнгө болгоход тодорхой хэмжээний хугацаа шаардагддаг тул уулаасаа өндөр эрсдэл, өндөр өгөөжтэй байдаг.

Ингээд бид бүхэн олон хөрөнгө оруулалтын төрлийн бүтээгдэхүүнүүдтэй товч танилцсан тул та өөрийн хөрөнгө оруулалтын багцыг хэрхэн хөрөнгө оруулалтын зорилго, хугацаа, эрсдэл даах сонирхол, чадвар болон өөрийн насанд нийцүүлэн оновчтой удирдах боломжтой талаар сонирхъё.

Хувийн хөрөнгийн удирдлага ба хөрөнгийн оруулалтын багцын хуваарилалт

Хөрөнгө оруулалтын төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд байдгаас гадна хүн болгоны нөхцөл байдал өөр байдаг тул хамгийн оновчтой хөрөнгийн удирдлага болон багцын хуваарилалт гэдэг асуултад тохирсон маш олон хариулт бий. Би өмнөх нийтлэлдээ дурдсаны дагуу та өөрийн бүх өндгийг нэг сагсанд хийж болохгүйгээс гадна тэдгээрийг өөр эрсдэл/өгөөжийн уялдаатай сагснуудад байршуулах нь оновчтой юм.

Дараах жишээгээр хэрхэн хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгө оруулалтын багцыг он жилүүдийн турш оновчтой удирдаж болохыг харуулахыг зорив.

  • Нэр: Болд
  • Одоогийн нас: 25
  • Эрсдэл даах төвшин: Дунд зэрэг
  • Тэтгэвэрт гарахыг зорьж буй нас: 50

I хөрөнгө оруулалтын багц (25-н насанд)

Болд нь залуу мэргэжилтний хувьд дахин 25 жил тогтвортой ажиллахаар төлөвлөж байгаа тул түүнд банкны хадгаламж, бондын тогтвортой хүүгийн орлого хэрэггүй тул тэрээр өөрийн багцыг урт хугацаанд өндөр өгөөж өгөх хөрөнгө оруулалтад байршуулах нь оновчтой. Боломжит нэгэн багц нь дараах бүтэцтэй байж болох юм:

II хөрөнгө оруулалтын багц (35-н насанд)

Болд 35 нас хүрэхэд түүнд үргэлжлүүлэн ажиллах 15 жил үлдэх ба тэрээр өөрийн гэр бүлийн үүргийг биелүүлэх болон бусад сонирхлоо санхүүжүүлэх үүднээс нэмэлт орлогын хэрэгцээ гарч магадгүй. Иймд, түүний хөрөнгө оруулалтын багц дараах бүтэцтэй болж болно:

Болд нь өөрийн эзэмшлийн хувьцааны хөрөнгө оруулалтыг бууруулж бонд, үл хөдлөх хөрөнгө болон альтернатив хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн нь тэрээр тэтгэвэрт гарахдаа хангалттай хөрөнгө болон орлоготой байхыг зорьж буйн шинж юм.

III хөрөнгө оруулалтын багц (45-н насанд)

Ажиллахад 5-хан жилд үлдсэн тул Болд нь өөрийн насан туршийн хөдөлмөрийн үр дүнг мэдэрч мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулахад бэлэн болжээ.

Хэдийгээр Болд өөрийн хувьцааны хөрөнгө оруулалтыг нэмж бууруулсан болон өөрийн цэвэр үнэлгээний томоохон хэсгийг (нийт 40%) үл хөдлөх хөрөнгө болон альтернатив хөрөнгө оруулалтад байршуулсан нь түүнд ирээдүйд гарах томоохон зардлууд болох сургалтын төлбөр болон өв залгамжлалд нь хэрэг болох юм.

Эдгээр жишээ нь зөвхөн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд ямар нэгэн байдлаар танд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх эсхүл санал тавиагүйг мөн анхаарна уу. Хэрэв та өөрийн хөрөнгө оруулагчийн зан төлөвийг тодорхойлох болон эдгээр сэдвийг дэлгэрүүлж унших хүсэлтэй бол эдгээр холбоосыг ашиглана уу.

Эцэст нь танд би энэхүү analyzingalpha.com-ын нийлмэл хүү болон хувьцааны гайхамшгийг сонирхолтой дүрсэлсэн видео бичлэгтэй үлдээе. Дараагийн нийтлэлүүдээр бид альтернатив хөрөнгө оруулалтын сонин хачин ертөнцөөр аялах болно.

Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй, дараа уулзталаа баяртай.

Хүндэтгэсэн,

Г.Түвшинбилэг

Стэпп Группын Санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх

--

--