ОРДА: Альтернатив хөрөнгө оруулалт буюу вискинд хөрөнгө оруулах нь

Уламжлалт бус хөрөнгө оруулалт:

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид энэ удаагийн блогдоо уламжлалт бус зах зээл, орчин үеийн хөрөнгө оруулалтын чиг хандлага, тэр дундаа вискиний хөрөнгө оруулалтын талаар бэлтгэн хүргэж байна.

Уламжлалт бус хөрөнгө оруулалтын ертөнц өмнөх блог дээр дурдсанчлан олон төрлийн өөр өөр шинж чанартай хөрөнгүүдээс бүтэх ч тэдэнд хэд хэдэн нийтлэг шинж чанарууд байдаг. Үүнд:

Хөрөнгө оруулалтын хугацаа илүү урт (голчлон 5-аас дээш жил);

Уламжлалт бүтээгдэхүүнтэй хамаарал багатай буюу зах зээлийн хөдөлгөөнийг нь дагаж савлах нь бага, энэ нь хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэх давуу талтай;

Хөрвөх чадвар болон зах зээлийн үнийн мэдээлэл харьцангуй бага тул үнэлгээ хийх нь амаргүй;

Ихэнх хөрөнгүүд үнэт цаасны зохицуулалттай бирж дээр арилжаалагддаггүй, арилжаалагдсан ч тогтмол биш байдаг;

Биет хөрөнгийг дангаараа эзэмших нь эрсдэл илүү өндөр ч мэдээж өгөөж нь дагаад өндөр байдаг;

Уламжлалт хөрөнгө оруулалттай харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр.

Уламжлалт бус хөрөнгө оруулалтын чиг хандлага

Уламжлалт бус хөрөнгө оруулалтын хувьд үл хөдлөх хөрөнгө, хаалттай хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх мэт хөрөнгүүд Монголын зах зээл дээр харьцангуй түгээмэл арилжаалагддаг, бид ч энэ талаар багагүй мэдээлэлтэй байгаа. Харин бидний сайн мэдэхгүй ховор цуглуулга, дарс болон виски, дээд зэрэглэлийн цүнх, хувцас, криптовалют гэх мэт онцгой хөрөнгө оруулалтууд сүүлийн үед нэлээд эрчээ авч байна.

Сүүлийн нэг жилд Ковид-19 цар тахалтай холбоотойгоор засгийн газруудаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх зөөлөн бодлого, мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд хөрөнгийн үнэ дэлхий даяар нэмэгдэж, Ази тивд л гэхэд UHNWI /Ultra High Net Worth Individuals/ буюу хамгийн өндөр үнэлгээтэй (Цэвэр хөрөнгө нь 30 сая ам.доллараас дээш) чинээлэг иргэдийн тоо 2020 онд 12%-аар нэмэгдсэн бол АНУ-д 4%-аар, дэлхийн хэмжээнд 2%-аар өсөж 521 мянгад хүрчээ. Энэ нь хүмүүсийн хөрөнгө оруулалтын идэвх, тансаг хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлж байна.

Hermès Himalaya Niloticus Crocodile Retourné Kelly 25

Нэг жишээ дурдвал, 2020 онд брэнд цүнхнүүдийн үнэ индексээрээ 17%-аар өсөж Найт Фрэнкийн ховор, дээд зэргийн хөрөнгө оруулалтын индексийн хамгийн том өсөлт болсон байна. Зураг дээр харагдаж буй Hermès Himalaya Niloticus Crocodile Retourné Kelly 25 гэдэг цүнх 2020 оны 11 сард Chtistie’s дуудлага худалдаагаар 437,330 ам.доллараар зарагдаж, бүх цаг үеийн хамгийн өндөр үнэтэй цүнх болжээ. Энэ нь цар тахлын үед цүнхний цуглуулгаараа дэлхийд тэргүүлдэг Азийн чинээлэг иргэдийн тоо, тэдгээрийн эзэмшил дэх хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн, онлайн дуудлага худалдааны платформууд хөгжсөн, оны эхэнд зах зээл уналттай байсан зэрэгтэй холбоотой.

Мөн Ковидтой холбоотойгоор технологийн салбар үсрэлттэй хөгжиж, түүнд суурилсан стартап компаниуд, криптовалютад хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Биткойн л гэхэд 2021 он гарснаас хойш бараг 80%-ийн өсжээ. Түүнчлэн бидний хүссэн газраасаа төрөл бүрийн апп ашиглан цахимаар хөрөнгө оруулах, дуудлага худалдаанд оролцох, хөрөнгө худалдан авах, эсвэл зарах боломжууд улам нэмэгдэж байна. Энэ нь уламжлалт бус хөрөнгө оруулалтын зах зээлийг хүмүүст илүү хүртээмжтэй болгож, хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулж, цаашлаад үнэ цэнийн өсөлтийг бий болгож байгаа юм.

Онцгой хөрөнгө оруулалтын гол индексүүдийг авч үзвэл:

Хөрөнгийн зөвлөгөө өгдөг Найт Фрэнк (Knight Frank) компаниас гаргадаг хөрөнгө оруулалтын индексүүдийн сүүлийн 10 жилийн өсөлтүүдийг харвал Найт фрэнкийн индекс 129%, цүнх 108%, машин 193%, дарс 127%-аар тус тус өссөн бөгөөд энэ бүхэнтэй харьцуулахад ховор вискиний хөрөнгө оруулалт 478%-аар өссөн байгаа нь үнэхээр гайхшралд оруулам үзүүлэлт юм. Тэгэхээр дараагийн хэсэгтээ виски гэж юу вэ?, яагаад хамгийн их өсөлттэй хөрөнгө болсон бэ? Гэдэг талаар ярилцацгаая.

Вискиний тухай

Виски нь Шотланд улсад ойролцоогоор 1500-аад оны үеэс үүссэн бөгөөд эхэн үедээ сүмийн лам нар эмийн зорилгоор амуу буудайг нэрж, бага хэмжээтэйгээр гаргадаг байжээ. Вискиний гол найрлага нь буудай, эсгэгч, ус бөгөөд зориулалтын зэс тогоонд нэрж, исгэсэн шингэнийг тодорхой хугацааны турш торхонд хадгалж, өвөрмөц амттай виски хэмээх алкоголь гардаг байна. Вискиний чанарыг нэмэгдүүлдэг хүчин зүйлс зүйлс юун түрүүнд усны чанар, исгэлтийн арга, торхны шинж чанар, торхонд насжуулсан хугацаа болон лонхонд савласан байдал юм.

  1. Ус ба исгэлт: Шотландад одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ойролцоогоор 130 гаруй вискиний үйлдвэрүүд байдаг ба тэд Шотландын Highland, Lowland, Islay, Speyside, Campbeltown гэх 5 гол бүсэд хуваагдсан байдаг. Бүс нутаг бүр өөрсдийн онцлог ус, агаарын шинж чанартай нь тэндээс гарч буй вискиний амтанд ч нөлөөлдөг байна. Speyside-ын виски чихэрлэг, карамел болон жимсний амттай, Islay-ын виски илүү хурц, хатуу амттай гэх мэт.
  2. Торх: Вискиний амт чанарын амин сүнс нь түүнийг хадгалж байгаа торхонд байдаг гэж хэлж болно. Вискиг царс модоор хийсэн торхонд хадгалах ба шив шинэ торхонд хадгалдаггүй, нэг бол Америкийн бурбон (Bourbon barrel) виски нэг удаа хадгалсан торхонд, эсвэл дарс хадгалсан торхонд (Sherry barrel) вискиг насжуулдаг. Вискиг хийхээс өмнө торхны дотор талыг галаар түлдэг бөгөөд торхонд орохдоо тунгалаг байсан виски модон торхтойгоо химийн урвалд орж, насжиж дуусаад гарч ирэхдээ бидний сайн мэдэх алтлаг өнгөтэй, өвөрмөц амт бүхий шингэн болдог байна.
  3. Насжилт: Вискиний үнэ цэнэ насжилтаас хамгийн их шалтгаалдаг ба Шотландын хуулиар доод тал нь 3 нас хүрч байж лонхонд савлах боломжтой болдог. Вискиний насжилттай холбоотойгоор 10, 12, 15, 21 жил гэх хэд хэдэн чухал хугацаа яригддаг. Энэ жилүүдэд ихэнх торх задарч, лонхонд савлагдаж зарагддаг ба вискиний брэндүүд, жижиглэнгээр зардаг бизнесүүдийн хувьд ийм настай вискинүүд хамгийн үнэ цэнэтэй байдаг. Дурдах ёстой нэг зүйл нь вискиний нас зөвхөн торхондоо нэмэгддэг бөгөөд лонхолсон жилдээ нас нь тогтдог байна. Иймд торхтой вискиний үнэ цэнэ зах зээлийн нөлөөнөөс гадна ердөө цаг хугацааны явцад өсдөг том давуу талтай юм.
  4. Лонхонд савлах. Ингээд нэлээд хэдэн жил хадгалсан торхоо задлаад эцсийн бүтээгдэхүүн болгох нь үнэ цэнийг нь тодорхойлох бас нэг чухал алхам юм. Хамгийн эхэнд алкогольний хэмжээ их чухал. Виски анх торхонд орохдоо ойролцоогоор 63.5 хувийн алкогольтай байх бөгөөд насжилтын явцад жил бүр ойролцоогоор 2 хувь нь агаарт ууршдаг байна. Ингээд насжиж дууссан виски Ойролцоогоо 50 гаруй хувийн алкогольтай байх бөгөөд дээрээс нь ус нэмж, 46 хувь хүртэл шингэлэх , эсвэл торхноос гарсан чигт нь лонхонд шууд хийх 2 сонголт бий. Аль нь илүү үнэ цэнэтэй байхыг хэлэлтгүй биз ээ.

Дараагийн чухал зүйл нь, зах зээл дээр зарагддаг ихэнх виски тухайн үйлдвэрийн олон өөр настай, өөр торхтой вискинүүдийг задалж, нийлүүлсэн холимог виски байдаг. Тиймээс торх бүрийн өөр өөрийн тэр онцгой амт чанар савлагаанд орохдоо тодорхой хэмжээгээр алдагддаг гэсэн үг юм. Харин нэг торхны виски буюу огт холилдоогүй дангаараа байгаа виски зах зээл дээр, дуудлага худалдаан дээр хамгийн өндөр үнээр борлогддог. Тэгэхээр таны эзэмшилд дэлхий дээр дахин давтагдахгүй цор ганц амт, чанартай нэг торх виски байна гэвэл хичнээн үнэ цэнэтэй.

Дүгнэж хэлэхэд виски, тэр тусмаа Шотланд виски нь нэрэх, хадгалах, савлах гээд үйлдвэрлэл, хадгалалтын шат дамжлага бүр нь урлаг болтлоо хөгжсөн, үнэ цэнэ нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс гадна цаг хугацаа өнгөрөх тусам өсөж байдаг шингэн алт байх нь. Үүнийг ойлгож мэдэрсэн, ухаалаг хөрөнгө оруулагч нар вискиг аль хэдийн шингэн хүнс гэж харахаа больжээ. Одоо тэгвэл вискиний хөрөнгө оруулалтын зах зээлийн талаар ярьцгаая.

Вискиний хөрөнгө оруулалтын зах зээл

Шотланд улс нь вискиний зах зээлийн хамгийн том тоглогч бөгөөд одоогийн байдлаар нийт 20 сая торх виски Шотландын агуулахуудад хадгалагдаж байна. 2019 онд нийт 7 тэрбум ам.долларын виски экспортлогдсон ба 1 секундэд 42 лонх виски Шотландаас экспортлогддог гэсэн тооцоо байдаг.

2020 оны хувьд Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Найт Фрэнкийн нэн ховор вискиний индекс 4% уналттай байсан бол Cask88-аас гаргадаг торхтой вискиний индекс 12.76%-ийн өсөлт үзүүлжээ.

Ямазаки

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн үнэтэй лонхтой виски болох 60 настай Макаллан сингл молт 2019 оны Лондонгийн Sothesby-ийн дуудлага худалдаанд 1.9 сая ам.доллараар зарагдсан байдаг бол 2020 оны хамгийн үнэтэй виски болох 45 настай Ямазаки брэндийн япон виски 795,000 ам.доллараар зарагджээ. Харин торхтой вискиний хувьд дэлхийн рекорд тогтоосон хамгийн үнэтэй торх нь мөн Макалланы 30 настай торх виски байсан бөгөөд 2019 оны Хонгконгийн дуудлага худалдаанд 605,000 ам.доллараар зарагджээ.

Макаллан сингл молт

Вискиний зах зээлд хөрөнгө оруулагч нарыг насны ангиллаар авч үзвэл 41–56 насны хүмүүс нийт худалдан авагчдын 47%-ийг эзэлж байгаа бөгөөд миллениалууд буюу 25–40 насныхны тоо 31%-ийг эзэлж байгаа нь 1 жилийн дотор 55%-аар өссөн үзүүлэлт юм. Энэ нь вискиний үр өгөөжийн талаар залуу үеийнхэн илүү ойлгож, зах зээлийн эрэлт өсөж байгааг харуулж байна.

2020 оны цар тахлын нөлөө вискиний зах зээл дээр ч ажиглагдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагч нар зах зээлийн хүчин зүйлсээс үл хамааран үнэ цэнэ нь өсдөг, тогтвортой эерэг өгөөж хүртэх хөрөнгө оруулалт болох торхтой вискиг шингэн алт гэж нэрлээд байна. Үүний жишээ нь, торхтой вискиний өгөөж 2018 оны 7 сараас хойш 62% байсан бол хямралын үед үнэ цэнэ нь өсдөг Safe haven буюу биет алтны өгөөж 58% байжээ. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар торхтой вискиг хямралын үед алтнаас илүү найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Үүний бас нэгэн баталгаа нь торхтой виски нь хуулиараа бүрэн даатгагдсан байх ёстой бөгөөд таны хөрөнгө оруулалт агуулахад буй биет хөрөнгөөр баталгаажиж байгаа тул хөрөнгө оруулалтаа алдах эрсдэл маш бага юм.

Ингээд эцэст нь, энэхүү шингэн алт буюу вискинд хөрөнгө оруулах цоо шинэ бүтээгдэхүүнийг бид Монголын зах зээлд санал болгож байгаа бөгөөд манай ОРДА хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан та ч гэсэн цаг хугацааны явцад үнэ цэнээ хадгалах, шинэлэг, сонирхолтой бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, гадаад валютаар өндөр өгөөж хүртэх боломжтой болсон гэдгийг дуулгахад таатай байна.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Бэлтгэсэн: Н.Буяндэлгэр

Стэпп групп, санхүүгийн шинжээч

--

--

ORDĀ makes alternative investments easy and borderless.

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store