ОРДĀ-Хөрөнгө оруулалт 101: Та яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

Оршил

Эрхэм хүндэт уншигчдаа,

Танд хөрөнгө оруулалтын талаар ерөнхий мэдлэг өгөх болон таны хүсч буй ирээдүйн зорилгодоо хүрэхэд шаардлагатай санхүүгийн төлөвлөлт хийхэд тань бага ч гэсэн тус болох үүднээс би хөрөнгө оруулалт болон хувийн хөрөнгийн удирдлагын тухай цуврал нийтлэлийг бичихээр шийдсэн юм.

Миний ажлын намтрын хувьд би банк, санхүүгийн салбарт 10 жил ажилласан туршлагатай бөгөөд одоогоор Стэпп Группийн санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх болон үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгч ажлыг эрхэлж байна. Би АНУ-д санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэлээр бакалаврын зэрэг хамгаалсан ба Империал Коллеж Лондоны Бизнесийн удирдлагын магистр (MBA)-ын зэрэгтэй.

Хөрөнгө оруулалт ба Та

Бидний багаас л ээж аав маань мөнгөө хадгалж сур гэж заадаг. Хэн нэгэн танд төрсөн өдрийн бэлгэнд мөнгө өгсөн үү? Түүнийгээ хадгал. Шинэ жилээр ёолк дээр тань мөнгө тавьсан уу? Түүнийгээ хадгал. Засгийн газар мөнгө тараасан уу? Түүнийгээ хадгал. Ерөнхийдөө бидний ихэнх нь мөнгөө дэмий зүйлд үрсний оронд хадгалах нь хамгийн оновчтой сонголт мэтээр бодож ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч харамсалтай нь бид “хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэдгийг болон түүний ач холбогдлын талаар бараг сонсдоггүй. Энэхүү нийтлэлийг уншсаны дараа та нэмэлт хөрөнгөө шууд хадгаламжийн дансандаа хийлгүйгээр хөрөнгө оруулах талаар багахан ч гэсэн эргэцүүлж бодно гэж найдаж байна.

Хүнд орлого олох хоёр арга бий; эхнийх нь хэн нэгэнд ажиллаж цалин авах эсхүл өөртөө ажиллаж ашиг олох буюу хувиараа бизнес эрхлэгч болох юм. Нэг үгээр хэлбэл та мөнгөний төлөө ажиллаж байна. Нөгөө орлого олох арга нь хөрөнгө оруулагч болж, мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулах юм.

Оновчтой хувийн санхүүгийн удирдлага нь “гэнэтийн эрсдэлийн сан” болох амин хэрэглээний хэрэгцээг 3–6 сар санхүүжүүлж хүрэхүйц хадгаламжтай байхаас эхэлдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болзошгүй. Тиймээс энэхүү эрсдэлийн сан нь та болон таны гэр бүлд энэхүү мөчийг даван туулахад ашиглагдах тул энэ төрлийн хадгаламжийг банкинд эсхүл түргэн хөрвөх чадвартай буюу хурдан мөнгө болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлд байршуулах нь оновчтой байдаг. Энэхүү эрсдэлийн сангаас бусад хувь хүний “цэвэр үнэлгээ” (networth) буюу таны эзэмшдэг нийт хөрөнгөөс бусдад өгөх өглөгийг хассан дүнг хэд хэдэн хүчин зүйлсийн дагуу олон төрлийн хөрөнгөнд байршуулах нь оновчтой. Эдгээр хүчин зүйлст таны хөрөнгө оруулалтын зорилго, хөрөнгө оруулалт хийх хугацаа, эрсдэл даах чадвар болон сонирхол, таны нас зэрэг багтана.

Төрөлжүүлсэн хөрөнгө оруулалт хийхийн ач холбогдол

Хөрөнгө оруулалтын шийдвэрт хэдий олон хүчин зүйлс нөлөөлдөг ч гэсэн нэг алтан дүрэм байдаг.

“Бүх өндгөө нэг сагсанд бүү хий”.

Жишээ нь, хэрвээ та өөрийн бүх хөрөнгөө “АБВ Банк”-нд хадгалуулдаг бол таны бүх өндөг “АБВ Банк” сагсанд байна. Хэрэв та хөрөнгөө хэд, хэдэн банкинд хадгалуулдаг бол таны өндөг “Банкны салбар” сагсанд байна. Хэрэв та Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг хувьцаа эзэмшдэг, мөн хэд хэдэн банкинд хадгаламжтай бол таны өндөг “Монгол Улсын эдийн засаг” сагсанд байгаа юм. Иймд, өөрийн хөрөнгийг олон төрлийн хөрөнгө, эдийн засгийн салбар болон газарзүйн бүсээр төрөлжүүлэн байршуулах нь хамгийн оновчтой хөрөнгийн удирдлага юм.

Идэвхитэй болон идэвхигүй, үнэ цэнийн болон өсөлтийн, суурь болон техникийн гэх мэт маш олон төрлийн хөрөнгө оруулалтын удирдлагын арга барил байдаг ч эдгээр төрлийн алийг нэгийг ашигладаг хөрөнгө оруулагч өөрийн цэвэр үнэлгээг нэг сагсанд байршуулдаггүй гэдэгт та 100% итгэлтэй байж болно. Эдгээр хөрөнгийн удирдлагын арга барил тус бүрийн тухай дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийх шаардлагатай тул та илүү мэдээлэл авахыг хүсвэл зохих холбоосууд дээр дарна уу.

Өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин

КОВИД-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хүндрэл бэрхшээл болон тодорхойгүй нөхцөл байдал үүсч байна. Цар тахалтай холбоотой өвчний тархалт болон хөл хорионы улмаас улс бүрийн эдийн засгийн хөгжил маш эрчимтэй буурсан бөгөөд үүний хариуд тодорхой хугацааны дараа тухайн улсуудын засгийн газрууд болон төв банкнууд төсвийн болон мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлж эхэлсэн. Олон Улсын Валютын Сан (ОУВС) хөгжсөн орнуудын хэрэгжүүлж буй цар тахалтай тэмцэх төсвийн болон мөнгөний бодлогын нийт дэмжлэг нь зарим тохиолдолд тухай улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 20 хүртэлх хувьд хүрч байгааг онцолжээ.

Энгийнээр тайлбарлавал ихэнх улсын засгийн газар болон төв банк нь маш их хэмжээний мөнгө хэвлэн эдийн засагтаа нийлүүлж байгаа ба зарим тохиолдолд энэхүү дүн нь нийт эдийн засгийнхаа ⅕ -тэй тэнцэж байгаа юм. Хэдийгээр би эдийн засагч биш ч гэсэн өмнө нь байсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах мөнгө их хэмжээгээр нэмэгдсэн (учир нь засгийн газар, төв банкнууд бодит эдийн засгийг нэг шийдвэрт гарын үсэг зурж агшин зуур нэмж чадахгүй) тул үнийн хөөрөгдөл буюу инфляц үүснэ гэдгийг таамаглаж болохоор байна. Инфляц гэдэг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэх, таны худалдан авах чадвар буурахыг хэлнэ. Жишээ нь, та өөрийн 7 хоногийн хүнсийг Х төгрөгөөр авдаг байсан бол мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр та ижил хэмжээний хүнсийг Х төгрөгөөс илүү үнэтэйгээр авах өндөр магадлалтай юм.

Монгол Улсын хувьд та зарим нэг эдийн засгийг сэргээх төсвийн болон мөнгөний бодлогын хөтөлбөрийн тухай уншсан эсхүл сонссон байж магадгүй. Зарим нь хэрэгжиж байгаа; зарим нь хэрэгжиж эхлээгүй байна. Жишээлбэл, 6%-ийн орон сууцны зээл, хүүхдийн мөнгө, насанд хүрэгч бүрд нэг удаа ₮300,000, ₮10 их наядын хөтөлбөр гэх мэт. Та миний юу гэж хэлэх гэж буйг ерөнхийдөө ойлгож байгаа байх.

Дүгнэлт гаргахаас өмнө 2 графиктай танилцъя:

Source : Монгол банк, Мөнгө санхүүгийн статистик 2021 тайлан

Өргөн хэрэглээний мөнгөний нийлүүлэлт (M2) нь 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэл 19.6%-иар өсчээ.

Source: Монгол банк, Монгол Улсын Эдийн Засаг, Санхүүгийн зах зээл

Энэхүү хугацаанд гадаад валютын албан нөөц 3.2%-иар өссөн байна. Монгол Улс шиг импортын бараа бүтээгдэхүүнээс хараат эдийн засгийн хувьд дээрх хөтөлбөрүүд хэрэгжихэд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх ба гадаад валютын нөөцийн өсөлт харьцангуй бага байна. Өөрөөр хэлбэл таны хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ удахгүй илүү үнэтэй болж таны худалдан авах чадвар буурах дүр зураг харагдаж байна.

Иймд, энэхүү тодорхойгүй цаг хугацаанд та хэрхэн өөрийн санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах вэ?

Энэ сэдэв нь миний дараагийн нийтлэлийн гол сэдвүүдийн нэг байх болно.

Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн нийтлэлээр уулзах хүртэл түр баяртай.

Нийтлэлч: Стэпп Группийн санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх

Г. Түвшинбилэг

ORDĀ makes alternative investments easy and borderless.

ORDĀ makes alternative investments easy and borderless.